Тус ярилцлага Халхын голын байлдааны ялалтын 85 жил, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 75 жил, Монгол Улс–ОХУ-ын Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ байгуулсны таван жилийн ойтой давхцан нийтлэгджээ. Ярилцлагад хоёр улсын улс төр, эдийн засаг, дэд бүтэц, боловсрол, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээг тоймлон авч үзсэн байна.
Хийн хоолойн төслийн талаар
Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах төслийг хоёр улсын эдийн засаг, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийн нэг гэж дурджээ. Төслийн бэлтгэл ажлыг эхлүүлэх шийдвэрийг 2021 онд гаргаж, зураг төсөл, судалгааг хэрэгжүүлэх зорилгоор “Газопровод Союз Восток” тусгай зориулалтын компанийг байгуулсан талаар ярилцлагад тэмдэглэсэн байна.
Түүнчлэн инженерийн судалгааны ажлууд хийгдэж, төслийн баримт бичгийг 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр бүрдүүлж дууссан гэж ярилцлагад дурдсан. Энэ нь төслийн техникийн бэлтгэл хангагдсан ч дараагийн шатны шийдвэрүүд талуудын хэлэлцээ, эдийн засаг, худалдааны нөхцөлтэй уялдахыг харуулж байна.
Монгол Улсад үүсэх боломж
Ярилцлагад Монгол Улс эхний үед транзит тээвэрт төвлөрч байсан бол байгалийн хийг дотоодын эдийн засаг, эрчим хүч болон дэд бүтцийн хөгжилд ашиглах боломжийг давхар судалж байгааг онцолжээ. Дотоодын хэрэглээг үе шаттай хөгжүүлэх нь шинэ эрчим хүчний эх үүсвэр бий болгох, түлшний бүтцийг төрөлжүүлэх, хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах боломжтой юм.
Монгол–Орос–Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих томоохон дэд бүтцийн төсөл нь гурван талын урт хугацааны ашиг сонирхол, харилцан үр өгөөж болон тогтвортой хамтын ажиллагаанд тулгуурлах шаардлагатай. “Эрдэнэс Газ” ХХК нь төслийн судалгаа, бэлтгэл ажил болон үндэсний талын оролцоог холбогдох байгууллагуудтай хамтран үргэлжлүүлж байна.